Дундад зуун

Дундад зуун гэдэг нь европын түүхэнд манай эриний 500-аас 1500 оны хооронд үргэлжлэх түүхийн цаг үе юм. Энэ түүхийн цаг үеийг яг тэдэн оны тэр сард эхэлсэн эсвэл дууссан гэж үзэх боломжгүй. Түүхчид түүхийн баримт дээр тулгуурлан ерөнхийд нь 1000 орчим жил үргэлжилсэн хэмээн тоймлон авч үздэг. Европын түүхэнд дундад зуун үндэстэн угсаатнуудын их нүүдлээр (Völkerwanderung) эхэлж шашны шинэчлэлээр (Reformation) дуусдаг. Дундад зууны үед Герман улс гэж байгаагүйг тэмдэглэх нь зүйтэй. Харин одоогийн Герман улсын газар нутаг дээр герман хэлээр ярьдаг, хоорондоо олон талаараа нийтлэг шинж чанартай, том жижиг ванлаг улсууд өөр өөрийн хаадын захиргаанд аж төрдөг байжээ.

Газрын ноёд бүхний эзэн

Дундад зууныг  нь дотор нь дундад зууны эхэн, дундад зууны оргил үе, дундад зууны сүүл үе гэж хувааж үздэг. 

Дундад зууны эхэн үе (5-р зуунаас 11-р зуун): Дундад зуун Феодалын систем үүссэнээр эхэлдэг. Энэхүү феодалын систем үүсэхэд дараах үйл явдлууд голлох үүрэг гүйцэтгэв. Үүнд: 

  • Газрын эзэн, ноёдууд тодорхой газар нутаг, түүний баялаг, түүн дээр ажиллаж, амьдардаг тариачдыг эзэмшдэг болов. 
  • Тариачид, энгийн иргэд аажим аажим гзарын эзэн, ноёдын харьяат албатууд болов. 
  • Хаадууд өөрсдийн дагалдагчид, хамгаалагчид, дайн байлдаанд гарамгай гавьяа байгуулсан жанжингуудыг шагнал, урамшуулал нэрээр газар, энгийн тариачидыг албат нэрээр олгодог болов. 
  • Католик шашны тэргүүн хамбын эрх мэдэл дээд цэгтээ хүрч, тэд өөрсдийгөө бурхны газар дээр төлөөлөгч, элч хэмээн зарлав. 
  • Хуучнаар зүүн ромын эзэнт гүрэн гэгддэг Византын эзэнт гүрэнээс католик шашны тэргүүн хамбын эрх мэдэл салж, францын хааны хамгаалалтанд орох болов. 
  • Олон үндэстэн угсаатны жижиг том улсууд үүсэж эхлэв. 
Европ тив. 1328 он

Дундад зууны оргил үе (11-р зууны дунд үеэс  13-р зууны дунд үе): Энэ үеэс эхлэн Европт нийгмийн чухал өөрчлөлтүүд явагдаж эхэлсэн гэж үздэг.  Үүнд:

  • Хүн амын өсөлт хурдацтай явагдав.
  • Хоол хүнсний эрэлт хэрэгцээ ихсэх тусам түүнийг дагаад газар тариалангийн хөгжил буюу бүтээгдэхүүнийг боловсруулах, олон янзаар тариалах зэрэг арга ажиллагаа сайжирч байв.
  • Шинэ газар нутагт шилжин суурьших явц нэмэгдэв.
  • Худалдаа, гар урлалын үсрэнгүй хөгжлөөр шинэ худалдааны төв газрууд үүсэх болов.
  • Орчин үеийн хотууд үндэс суурь тавигдаж эхлэв.
  • Тариачдын хот руу нүүн шилжих хөдөлгөөн ихсэв.
  • Христийн шашны тэргүүн хамбын нэр нөлөө улам бүр хүчтэй болов.
  • Хотжилт, нийгмийн хэрэгцээ шаардлагаар боловсон хүчин бэлтгэх боловсролын байгууллагууд үүсэж эхлэв. Жнь: Их дээд сургуулиуд байгуулагдав.

Дундад зууны сүүл үе буюу 13-р зууны дунд үеэс 1500 оны хооронд өлсгөлөн, тахал, ургац алдах байдал дээд цэгтээ хүрэв. Үүний хажуугаар хаад ноёдын алба гувчуур, дарангуйлал, сүм хийдийн мухар номлол гаарч байв. Энэ бүхнийг тэвчих энгийн ард иргэд улам бүр багасаж, тэдний эсэргүүцэл тэмцэл нэмэгдэж байлаа. Феодалын систем нуран унахад юун түрүүнд хүмүүсийн тархитай ажиллах шаардлага европын түүхэнд гарсан нь шинэ цаг шинэ зууны эхлэлийг тавьсан юм. Харамсалтай нь энэ зам маш хүнд урт байлаа.