Холбооны улс болохын учир нь

Холбооны Бүгд Найрамдах улс – Föderale Republik

Герман улс нь холбооны бүгд найрамдах улс юм. Холбооны гэдэг нь засаг захиргааны хувьд бие даасан мужуудаас бүрддэг. Муж нь манай улсын засаг захиргааны нэгжээр ярьвал аймагтай дүйнэ.  Гэхдээ аймгийг бодвол холбооны герман улсын мужууд нь хууль эрхзүйн хувьд өөрийн хууль дүрмээ боловсруулдаг илүү эрх мэдэлтэй, төсвөө өөрөө захиран зарцуулах эрхтэй, боловсрол, соёлын газрууд нь мужаасаа бүрэн хамааралтай байдаг. 

Германы аливаа мужид үндсэн хоёр хууль үйлчилдэг. Нэг нь холбооны улсын хууль нөгөөх нь тухайн мужийн дүрэм журам болно. Мужууд нь өөрийн хууль дүрмээ боловсруулахаас гадна холбооны улсын хууль батлахад мөн оролцдог. Энэ утгаараа ХБНГУ нь улстөрийн хувьд нэг төвтэй биш юм. Уламжлалынхаа дагуу мужууд нь эдийн засаг, боловсролын асуудлаа бие даан шийддэг. 

1949 оны үндсэн хуулиар Мужуудын эрх үүрэг байр суурийг маш тодорхой тусгаж өгсөн бөгөөд хожим хоёр герман дахин нэгдэх үе 1990 онд  “Зүүн” Германд харьяалагдаж байсан Бранденбург, Мекленбург-Форпоммерн, Саксон, Саксон – Анхальт, Тюринген гэсэн таван мужууд нэмэгдэж хуульчлагдсан байна. 16 мужаас хамгийн их хүн амтай нь Нордрайн- Вестфален, газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн том нь Бавари муж, эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч нь Баден- Вюртемберг муж болно.

ХБНГУ-ын мужуудаас онцлох гурван муж бий. Эдгээр нь Берлин, Бремен, Хамбург гэсэн гурван хотууд болно. Эдгээр гурван хотыг мужийн хэмжээнд авч үздэг тул хот улсууд гэж нэрлэдэг.