Хотууд үүсэж хөгжсөн нь

Любек хот 1143 онд байгуулагджээ.

Дундад зууныг харанхуйн зуун гэж түүхэнд нэрлэх нь бий. Мухар сүсэг бишрэл хаа сайгүй ноёрхож, дайн тулаан, өлсгөлөн, хааны алба гувчуурын дарлага мөлжлөг нөмрөн байсан энэ харанхуйн зуунд зарим зүйл үсрэнгүй хөгжиж байв. Үүний нэг нь хотуудын үүсэл юм. Төв европт 12-р зууны сүүлээр хотууд байгуулагдах нь эрс нэмэгдэж, 14-р зуун гэхэд өнөөгийн хотуудын тоонд хүрчээ. Үүнд хоёр шалтгаан нөлөөлж байсан хүн амын өсөлт болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил байв. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийг олон талаар хөгжүүлэх, худалдааны үйл ажиллагааг сайжруулах шаардлага бий болж байв. Үүсэн хөгжиж буй хотуудад эдийн засгийн хөгжил маш чухал байсан тул тухайн хотуудын хаан, ноён, вангууд давуу талаа илүү сурталчлан хүмүүсийг татаж, хөдөөнөөс хот руу шилжин суурьшихад нөлөө үзүүлж байв. 

Хот бүр давуу талдаа тулгуурлан янз бүрийн шаардлага хэрэгцээний дагуу хөгжиж байсан учир өөр өөрийн онцлогийг бүрдүүлж чаджээ. Хотууд өөр хоорондоо хэд хэдэн зүйлээрээ ялгарна. 

1. Үүсэл. Хотуудыг хооронд нь ялгах чухал шинж тэмдэг бол түүний үүсэл юм. Хотуудыг үүсгэн байгуулахдаа юун түрүүнд түүний байрлалыг дараах байдалтай харгалзуулан ойролцоо газарт барьж байгуулдаг байв. 

            • Ямар нэгэн хэргэм, цайз
            • Хаан ноёдын ордон эсвэл сүм
            • Худалдааны замуудын огтлолцол
            • Гол, мөрнүүдийн гарцууд
      • Аль хэдийн баригдсан байсан худалдааны талбай
      • Ноёдын эзэмшил газар 
      • Эртний ромын засаг захиргааны төв байсан газар

2. Тухайн үеийн захирч байсан хаад ноёдоороо ялгарна.

            • хааны хотууд (Königsstädte)
            • чөлөөт хотууд (Freie Städte )
            • бүс нутгийн хотууд (Territorialstädte)
            • феодал ноёны хотууд (Grundherrliche Städte)

3. Эдийн засгийн үйл ажиллагаагаараа

            • газар тариалангийн 
            • худалдаа үйлчилгээ, үзэсгэлэнгийн хотууд

4.Хүн амын хэмжээгээр том, дунд, жижиг гэж ангилагдаж байв. 

Дундад зууны үеийн хотуудын хөдөөнөөс ялгарах бас нэг онцлог нь эрс тэс ялгаатай нийгмийн давхаргууд юм. Хотын хэргийг удирдан зохицуулдаг албан хаагчдыг тухайн үед Министриал гэдэг байсан бөгөөд тэднээс эхэлж нийгмийн бүлгүүд хотуудад үүссэн байна. Зарим Министриалууд хөрөнгөлөг худалдаачидтай гэрлэлтээр ураг төрлийн, ажлаар түншийн холбоо үүсгэдэг болов. Зөвхөн энэ харилцааны тойргоос, томоохон худалдаачин хөрөнгөлөг гэр бүлээс нэгэн бүлэг үеийнхэн төрөн гарсан бөгөөд тэднийг Патрициат гэдэг. Патрициат нь хотын сурвалжит угсааныхантай хамт дээд давхаргыг бүрдүүлдэг болов. Хотын дундаж давхаргыг патрициат биш худалдаачид, гар урчууд, туслахууд, жижиг худалдаачид харин нийгмийн доод давхаргыг үйлчлэгч, хөлсний ажилчид, зарц, гуйлагчид болон ядуучууд тус тус бүрдүүлж, хот доторх нийгмийн анги давхаргын ялгаа хөдөө орон нутгаас эрс хүчтэй байв.