Аж үйлдвэржсэн баруун орнуудад хоёр төрлийн капитализм бий. Энэ нь АНУ, Герман хоёр гэдэг шиг ялгаатай. Зарим орнуудад улс төрийн оролцоо бага, заримд нь өндөр байна. Эдгээр хоёр капитализм нь зохицуулалтай бас зохицуулалтгүй капитализм болно. Зохицуулалтгүй капитализмд Адам Смитын онолыг гол болгодог. Төр аль болохоос хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэж үздэг. Харин зохицуулалттай капитализмд Жон Кенсийн онолыг гол болгодог. Төр оролцоно. Яагаад гэвэл эдийн засаг нийгэмд хүчтэй нөлөөлдөг. Нийгэм эдийн засаг хоёр харилцан уялдаатай хөгждөг гэж үздэг.
![](https://german-oron.com/wp-content/uploads/2022/03/erhchuluunii-hushuu-920x425.jpg)
![](https://german-oron.com/wp-content/uploads/2022/03/brandenburg-tor-920x425.jpg)
Зохицуулалтгүй капитализм (АНУ)
Зохицуулалттай капитализм (ХБНГерман улс)
Зах зээл нь сахин биелүүлэх дүрэм журам багатай эдийн засгийг тодорхойлдог ойлголт юм. Хүн бүр, компани бүр өөрийнхөө төлөө тэмцэлдэнэ.
1. Санхүүгийн систем
Хөрөнгийн зах зээлээр дамжуулаад компаниуд өөрсдөө санхүүжилтээ босгодог. Компани бүр ашиг ч олж болох, алдагдал ч хүлээж болох бусад компаниудын хувьцааг худалдан авч болдог. Хөрөнгө оруулагчид аль болох өндөр ашиг олохыг эрмэлздэг. Өнөөдөр ашиг олох хүсэлдээ хөтлөгдөн компаниуд томоохон эрсдэл хүлээдэг, нөөц багатай байдаг тул урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэггүй.
Хөрөнгийн зах зээл: Бонд зээл, хувьцаа, мөнгөн хөрөнгийн зах зээл
Хөрөнгө оруулагчид нь: Хувь хүмүүс эсвэл компаниуд төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг гаргадаг.
2. Ажил олгогчид ба ажилтнууд
Хүмүүсийн нэг ажил олгогчийн компанид ажиллах хугацаа ерөнхийдөө богино байдаг. Ажилтан ажлаас халагдахаас хамгаалах эрх зүйн хамгаалал сул. Ажилтан бүр цалингийн ганцаарчилсан хэлэлцээрт орох ёстой болдог. Үйлдвэрчний эвлэлүүдийн нөлөө буурч байна.
3. Мэргэжлийн сургалт
Дээд сургууль, мэргэжлийн сургалтаар илүү ерөнхий мэдлэг чадвар олгодог. Өргөн хүрээтэй ерөнхий мэдлэгтэй ажилтнуудын хувьд ажлаа байнга солиход илүү хялбар байдаг. Ерөнхий мэдлэг хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг дээшлүүлдэг. Зарим тодорхой салбарт мэргэжлийн мэдлэг хэт дутмаг байдаг.
4. Компаниуд хоорондын харилцаа
Компаниудын хооронд ширүүн өрсөлдөөн явагдаж байдаг. Компаниуд хоорондын хамтын ажиллагаа сул. Тэд аль нэг компанийг зах зээлээс шахах тал дээр ч хамтран ажилладаггүй.
Шударгаар тогтоосон дүрэм журмуудтай, хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдтэй, хүчирхэг ажил олгогч эздийн холбоодтой эдийн засгийг тодорхойлдог ойлголт юм.
1. Санхүүгийн систем
Компаниудын дийлэнх нь банкнаас санхүүждэг. Компаниуд урт хугацаатай зээл авдаг тул томоохон эрсдэлүүд хүлээх албагүй. Компаниуд урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх нөөцөө бүрдүүлж чаддаг. Санхүүжилтийн энэ систем нь шинэ компаниудад төдийлөн ээлтэй биш. Банкнууд нь урт хугацаанд оршин тогтнож ирсэн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг.
2. Ажил олгогчид ба ажилтнууд
Хүмүүс нь нэг ажил олгогчийн компанид илүү урт хугацаагаар ажилладаг. Ажилтны ажлаас халагдахаас хамгаалдаг эрх зүйн хамгаалал нь сайн. Ганцаарчилсан цалингийн хэлэлцээр байдаггүй, ихэвчлэн нийт салбарын хэмжээнд цалингийн хэлэлцээр явагддаг. Цалингийн гэрээнүүдийг нь тарифын гэрээ гэж нэрлэдэг. Үйлдвэрчний эвлэл нь хүчтэй нөлөөтэй.
Тарифын гэрээ гэдэг нь ажил олгогч эздийн холбоо эсвэл ажил олгогч ба үйлдвэрчний эвлэлийн хооронд цалин хөлс ба хөдөлмөрийн нөхцөлийн талаар тохиролцсон гэрээг хэлнэ.
3. Мэргэжлийн сургалт
Мэргэжлийн сургалт ба дээд сургуулиуд нь ерөнхий мэдлэг ба тодорхой мэргэжлийн мэдлэгийг хослуулан олгодог. Олон залуу хүмүүс мэргэжлийн сургалтынхаа зарим хэсгийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр зарим хэсгийг нь компани дээр эсвэл ирээдүйд ажиллах ажлын байран дээрээ олж авдаг. Үүнийг мэргэжлийн сургалтын дуал буюу онол, практик хослуулсан систем гэж нэрлэдэг.
4. Компаниуд хоорондын харилцаа
Зохицуулалтгүй капитализмтай харьцуулахад зохицуулалттай капитализмд компаниуд хоорондын хамтын ажиллагаа ба эдийн засгийн холбоос илүү байдаг. Компаниуд хөрөнгийнхөө тодорхой хувийг бусад компаниудад худалдах, бусад компанийн хувийг худалдан авах замаар эдийн засгийн холбоос үүсгэж байдаг.
Зохицуулалтгүй капитализм бол уян хатан систем юм.
Компаниуд зах зээл болон нийгмийн өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвартай байдаг. Энэхүү уян хатан байдал нь шинэчлэл болон шинээр бий болсон салбаруудад сайнаар нөлөөлдөг. Гэхдээ ажилтнуудын хувьд энэхүү систем нь найдваргүй, тогтворгүй байдлыг үүсгэдэг.
Зохицуулалттай капитализм бол тогтвортой систем.
Ажилтнуудын баталгаат байдал илүү хангагдсан байдаг. Компаниуд нь илүү урт хугацаанд хөгжлөө төлөвлөх боломжтой. Гэхдээ энэхүү систем төдийлөн уян хатан бус. Шинэчлэл илүү жижиг алхмуудаар хийгддэг. Шинээр асуудал үүссэн нөхцөлд системийн дасан зохицох чадвар сул.
Давуу болон сул талууд:
Дээрх хоёр системд хоёуланд нь сул болон давуу талууд бий. Хоёр системийн аль нэгэнд нь системийн хэв шинжээс үүдэлтэй байнгын давуу тал гэж үгүй. Харин ямар зорилгод хүрэхийг эрмэлзэж байгаагаас хамаардаг.
Зохицуулалтгүй капитализмтай орнуудад шинэ санаа хэрэгжүүлээд богино хугацаанд томорсон шинэ компаниуд олон байдаг. Жишээлбэл: АНУ-ын мэдээллийн технологийн салбарт Гүүгле, Майкрософт, Фасебүүк зэрэг компаниудыг нэрлэж болно.
Зохицуулалттай капитализмтай орнуудад уламжлалт салбаруудад нь том компаниуд байдаг. Жишээлбэл: авто машины үйлдвэрлэл. Герман, Шведийн компаниуд авто машиныхаа аюулгүй байдлыг хэсэгчлэн сайжруулсаар томоохон амжилтад хүрчээ.
Эх сурвалж: Нийгмийн баримжаатай эдийн засаг. Фридрих – Эбертийн сан. Хуудас: 48