![](https://german-oron.com/wp-content/uploads/2022/03/germany-154996-959x1024.png)
Герман улс европ тивийн төвд оршдог. Чех, Польш, Дани, Франц, Австри, Швейцарь, Люксембург, Бельги, Нидерланд гэсэн 9 улстай хиллэдэг. Хойд хэсгээрээ хойд болон зүүн тэнгис рүү гарцтай. Өмнөд хэсгээрээ Альпын нуруудтай залгадаг. Хамгийн өндөр цэг нь Бавари мужийн “Zugspitze” бөгөөд далайн түвшингээс дээш 2962 м өндөр. Герман улс нийт 357340 км2 нутагтай. Нутаг дэсгэрийн хэмжээгээрээ европт тивд Франц, Испани, Шведийн дараа дөрөвт ордог. Нийт газар нутгийн 1/3 нь ой модоор хучигдсан. Нуур, гол мөрөн бусад усны гадаргуу нь нийт газар нутгийн 2%-ыг эзэлдэг. Германы хамгийн урт мөрөн нь Райн (Rhein) юм. Тус мөрөн нь Германы баруун өмнөд хэсгээр франц германы хооронд хил үүсгэж, Бонн, Кёльн, Дюссельдорф хотуудаар дайран өнгөрдөг. Германы хоёрдагч том мөрөн бол Эльбэ юм. Эльбэ мөрөн Чех улсын Крконоше уул буюу германаар “Riesengebirge” махчилбал “Аварга уулс” – аас эх аван зүүн хойд хэсгээр Германы Дрезден, Магдебург, Хамбург зэрэг томоохон хотуудыг дайран 1094 км урсаад Германы хойд тэнгист цутгадаг. Тиймээс Германы эртний түүх зохиолд Герман овог аймгуудын нутаглаж байсан газар орныг Эльбээс Райн мөрөн хүртэл гэж зааглан тодорхойлон бичсэн байх нь бий.
Герман орны газар нутаг өмнөд хэсгээрээ өндөр уулархаг, хойд хэсгээрээ нам дор тогтоцтой. Өөрөөр хэлбэл өмнө зүгээс хойд зүг рүү газрын гадаргуу намсдаг. Харин төв хэсгээр дундаж өндөртэй уулс нурууд ноёрхоно. Эдгээр уулсын хамгийн өндөр нь 1493м -тэй “Schwarzwald” (Хар Ой) юм. Үүнээс гадна “Bayerischer Wald” (Баварийн Ой), “Erzgebirge“ (Хүдэртийн нуруу), “Harz” (Харцын нуруу), “Thüringer Wald” (Тюрингены Ой) гэх мэт үлгэр домог, утга зохиолд мөнхөрсөн уул нурууд баруун өмнөд хэсгээс төв рүү сунан тогтсон байдаг.
![](https://german-oron.com/wp-content/uploads/2022/03/lubeck-4088287-1-1536x1017.jpg)
Герман улс дөрвөн улиралтай. Цаг агаарын хувьд сэрүүн байдал ноёрхоно. Төв европын зөөлөн уур амьсгалын бүс, зүүн европын эх газрын уур амьсгалын заагт оршдог онцлогтой. Атлантын далайн Гольфийн урсгалын нөлөөнд байдаг тул энэхүү далайн урсгал нь Германы цаг агаарыг илүү зөөллөж өгдөг. 7-р сарын дундаж температур 21,8 бол 1р сард 2,1 -ээс -2,8 хэмтэй байдаг. Хойд болон зүүн тэнгистэй хиллэдэг нутгуудаар өвөл, хаврын улиралд салхитай, бүрхэг өдрүүд зонхилно. Зуны улиралд хур тунадас ихтэй, өвөлдөө чийглэг сэрүүн. Монголтой харьцуулахад өвлийн улирал богино, зуны улирал удаан үргэлжилнэ.